2011-03-11,17:14

Хүүхэд бол гэр бүлийн толь

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.

 

  ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заава л биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.

 

   Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.

 

Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд

 

  Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.

 

  Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.

 

 

Шоовдор хөвгүүд

 

      Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай.

 


бичсэн: amar14 төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 510

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)